Skip links

Засаглал

Сэнтрал Экспресс Си Ви Эс компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ) нь хувьцаа эзэмшигч болон бусад оролцогч талуудад урт хугацааны үнэ цэнийг бий болгох зорилгоор хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхолд нийцүүлсэн үндсэн үйл ажиллагааны чиглэл, бодлого, стратегийг тодорхойлох, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэн, гүйцэтгэх удирдлагыг удирдан чиглүүлж, хяналт тавин ажилладаг.

Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд эдгээр гишүүдийн 6 нь ердийн, 3 нь хараат бус гишүүд юм.

ТУЗ-ийн дарга А.Ганхуяг

+
А.Ганхуяг нь Компанийн ТУЗ-ийн дарга, Премиум Групп ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга бөгөөд сүүлийн 20 гаруй жил Монголын нэр нөлөө бүхий томоохон компаниуд болох М-Си-Эс Группийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, М-Си-Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал, М-Си-Эс Кока-Кола ХХК болон Юнител ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Монголиан Майнинг Корпорацийн (HKEX: 975)-ийн ТУЗ-ийн гишүүн, Санхүү эрхэлсэн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн туршлагатай. Тэрээр эдгээр компаниудын үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх, таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж, эрчим хүч, уул уурхай, хөнгөн үйлдвэр, дэд бүтэц, барилга, худалдааны салбарт томоохон хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт татах ажлыг амжилттай удирдан зохион байгуулсан. А.Ганхуяг нь Монгол Улсын Их Сургуулийг санхүү, эдийн засгийн бакалаврын зэрэгтэй төгссөн

ТУЗ-ийн ердийн гишүүн А.Ганболд

+
А.Ганболд нь Компанийн ТУЗ-ийн ердийн гишүүн, Премиум Групп ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирал, Премиум Групп ХХК-ийн охин, хараат компаниудын үйл ажиллагааг удирдан, стратегийн чиглэл, зорилтыг хэрэгжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд Монгол Улсын авто зам барилга, хотын дэд бүтцийн компани болох Нэйшнл Девелопер ХХК-ийн Гүйцэтгэх захирал, тансаг зэрэглэлийн тавилга үйлдвэрлэгч Ганброс ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхий захирлаар ажиллаж байсан. Түүний барилгын салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж Алтан гадас одонгоор шагнасан юм. Тэрээр Оросын Холбооны Улсын Харьков хотын Барилгын дээд сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг цахилгаан тээвэр, системийн инженер мэргэжлээр суралцсан, бакалаврын зэрэгтэй.

ТУЗ-ийн ердийн гишүүн Г.Бат-Эрдэнэ

+
Г.Бат-Эрдэнэ нь Компанийн ТУЗ-ийн ердийн гишүүн, Премиум Групп ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч бөгөөд тус группийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлийн удирдлагын тогтолцоог хариуцан ажилладаг. Тэрээр анхны ажлын гараагаа үйлдвэрлэл, худалдааны салбарт тэргүүлэгч М-Си-Эс Кока Кола ХХК-д санхүү төлөвлөлтийн газрын даргаар эхлүүлж байв. Сүүлийн 18 жилийн хугацаанд өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэрлэл, барилгын салбарт ажиллаж, Монголиан Майнинг Корпораци (HKEX: 975) болон Премиум Групп ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан бөгөөд М-Си-Эс Энержи ХХК-ийн дэд захирал, Монголиан Майнинг Корпорацын Санхүү хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай. Г.Бат-Эрдэнэ нь Хан-Уул Дээд Сургуулийг бизнесийн удирдлага, хэрэглээний математикч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.

ТУЗ-ийн ердийн гишүүн О.Батмөнх

+
О.Батмөнх нь Компанийн ТУЗ-ийн ердийн гишүүн, Премиум Групп ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Дэд ерөнхийлөгч, Премиум Конкрит ХХК-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд тус группийн уул уурхай, барилга, бетон зуурмагийн бизнесийг хариуцан ажилладаг. Тэрээр Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал (NUBIA), Шангри-Ла зочид буудал цогцолбор төсөл, Салхит (50 МВт), Сайншанд (55 МВт), Цогтцэций (50 МВт) зэрэг салхин цахилгаан станцын төслүүд, Оюу толгой Бетон зуурмагийн 4 дүгээр үйлдвэрийн цогцолбор болон бутлуурын үйлдвэрүүдийн зураг төсөл, барилга, үйл ажиллагааг хариуцах зэргээр томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн, бизнесийн удирдлагын чиглэлээр 15 жил ажилласан туршлагатай. О.Батмөнх нь АНУ-ын Үндэсний Их Сургуулийг компьютерын шинжлэх ухааны бакалавр, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэйгээр төгссөн.

ТУЗ-ийн ердийн гишүүн, Гүйцэтгэх захирал Г.Чинзориг

+
Г.Чинзориг нь Компанийн ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирал юм. Тэрээр программ хангамж, бизнес процесс, бизнес интелиженс, мэдээллийн технологийн мастер төлөвлөлт, инженерчлэлийн чиглэлээр ажилласан туршлагатай бөгөөд МТШХХГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагт Эдийн засгийн бодлогын шинэчлэл ба өрсөлдөх чадварын төслийн мэдээллийн технологийн зөвлөх, Азийн Хөгжлийн Банкны Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх төсөл, Хөрөнгийн зах зээлийн мэдээллийн систем ба санхүүгийн дэд бүтцийн зөвлөхөөр тус тус ажиллаж байсан туршлагатай. Тэрээр МТШХХГ-д ажиллаж байхдаа Цахим засаглал хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулж, Монгол Улсын Харилцаа холбоо, интернэт, шуудан, хэвлэл мэдээлэл, хиймэл дагуулын холбооны талаар баримтлах төрийн бодлого болон Мобайл сүлжээний 4G үйлчилгээг МУ-д нэвтрүүлэх зохицуулалтын бодлогыг боловсруулсан. Г.Чинзориг нь ШУТИС-ийг компьютерын шинжлэх ухааны бакалавр, АНУ-ын Луисвиллийн Их Сургуулийг бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн.

ТУЗ-ийн ердийн гишүүн Б.Бат-Эрдэнэ

+
Б.Бат-Эрдэнэ нь Компанийн ТУЗ-ийн ердийн гишүүн, Польшийн Хөгжлийн Сангийн Хөрөнгө Оруулалт Худалдааны Агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч, Хорайзон Партнерс ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагаа, худалдааны чиглэлээр 12 гаруй жил ажилласан туршлагатай. Тэрээр Польш, АНУ, Швейцар улсад сурч, Монголын анхны гадаадын (Японы) хөрөнгө оруулалтын банканд зах зээлийн шинжээчээр, Олон Улсын Санхүүгийн Корпорац болон Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалттай Монголын анхны хаалттай хөрөнгө оруулалтын санд (50 сая ам. долларын) зах зээл, бизнесийн шинжээчээр, Польш-Монголын хамтарсан худалдааны компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба Азийн Хөгжлийн Банкны Монгол улсад “Private Equity” болон “Venture Capital” хөрөнгө оруулалтын сангийн зах зээлийг хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх компаниар ажилласан хөрөнгө оруулалт, стратеги, менежментийн зөвлөх үйлчилгээний компанийн үүсгэн байгуулагч юм. Б.Бат-Эрдэнэ нь Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг нягтлан бодох бүртгэлийн бакалаврын зэрэгтэйгээр төгссөн.

ТУЗ-ийн хараат бус гишүүн Н.Энхболд

+
Н.Энхболд нь 2016 оноос Ньюком Группийн Гүйцэтгэх захирлаар, 2017 оноос 2022 оныг хүртэл ТУЗ-ийн даргаар ажиллаж тус группийн өсөлтийг тасралтгүй хангах, үнэ цэнийг бий болгохын тулд гүйцэтгэх удирдлагын багтай хамтран ажилласан. Тэрээр хөрөнгө оруулалт, хөрөнгийн удирдлага, санхүү, төсөл боловсруулалт, корпорацын стратеги, бизнес хөгжил, үйл ажиллагаа зэрэг Ньюкомын бүхий л салбар нэгжид идэвхтэй үүрэг гүйцэтгэн ажилласан бөгөөд тус группийн хөрөнгө оруулалттай компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар мөн ажиллаж байсан. Тэрээр өмнө нь М-Си-Эс Группийн стратеги, бизнес хөгжил хариуцсан дэд захирал, группийн бусад компаниудад гүйцэтгэх удирдлагаар 17 жил ажиллахдаа мэдээллийн технологи, харилцаа холбоо, санхүү, үл хөдлөх хөрөнгө зэрэг олон салбарт ажилласан туршлагатай бөгөөд 2013 онд төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнуулсан. Н.Энхболд нь Нидерландын Маастрихтын Удирдлагын Сургуулийг корпорацын стратеги, бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, МУИС-ийг электроникийн инженер, бакалаврын зэрэгтэй төгссөн.

ТУЗ-ийн хараат бус гишүүн Гари Стефен Биондо

+
Гари Биондо нь 2021 онд Компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдсон, Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургуулийн ТУЗ-ийн дарга, Жуулчин Уорлд Турс ХХК-ийн ахлах зөвлөх, Эдельвайс Арт зочид буудлын гүйцэтгэх захирал бөгөөд Монгол дах Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-ын ТУЗ-ийн дэд даргаар ажиллаж байсан. Тэрээр 30 гаруй жил зочид буудлын менежментийн салбарт, тэр дундаа ажилчдын сургалтын хөтөлбөр, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын стандарт, чанар, дотоод хяналтын удирдлага, галын аюул, осол үүсэх эрсдэлийн удирдлагын тогтолцоог амжилттай хэрэгжүүлж, хяналт тавьж ажилласан туршлагатай. Гари Биондо нь Азийн өөр өөр соёл иргэншилтэй олон улс орнуудад өндөр зэрэглэлийн Шангри-Ла олон улсын зочид буудал, резортод 28 жил ерөнхий менежер, гүйцэтгэх удирдлагаар ажилласан бөгөөд АНУ-ын Колорадо мужийн Колорадо Коллежийг сонгодог уран зохиол, гүн ухааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн

ТУЗ-ийн хараат бус гишүүн В.Ганзориг

+
В.Ганзориг нь Компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн бөгөөд стратеги ба коммуникацийн чиглэлээр мэргэшсэн Бат Солюшн Партнерс ХХК-ийн УЗ-ийн дарга, CEO клубын ерөнхийлөгч, Монголын дауны холбоо, менторшипийн залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөрийн тэргүүн, Монголын тусгай олимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Global Teacher Prize-ийн академийн гишүүн, Синдикат ярилцлага нэвтрүүлгийн модератор, тэргүүлэх мэдээллийн сайтуудын нийтлэлчээр ажилладаг. Тэрээр Худалдаа Хөгжлийн Банк, ХасБанк, МОСДАК, Шунхлай Группийн удирдлагын багт ажиллаж байсан туршлагатай бөгөөд Дэлхийн Эдийн Засгийн Форумын 2014 оны дэлхийн залуу манлайлагчаар шалгарсан. В.Ганзориг нь Японы Олон Улсын Их Сургуулийг цахим бизнесийн удирдлагын магистр, Австралийн Нотре Даме Их Сургуулийг бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн бөгөөд АНУ (Virginia, Yale), Англи (Oxford), Өмнөд Африк (WITS, Cape Town), Сингапур (NUS) улсуудад удирдлага, манлайлал, бодлогын инновац, гео улс төр, өөрчлөлтийн менежмент чиглэлээр мэргэжлийн сургалтуудад хамрагдсан Монгол улсын мэргэшсэн зөвлөх юм.